Хээрийн тэмдэглэл · Монгол
Монголчууд алсын замд цаг товлодоггүй
Монголд хэн ч таныг яг хэзээ хүрнэ гэж хэлэхгүй. Замын хаа нэгтээ аялал таныг шалгаж эхэлдэг — жинхэнэ аялал тэндээс эхэлнэ.

· 5 мин унших

Монголчууд алсын замд цаг товлодоггүй. Замд юу тохиолдохыг мэдэхгүй учраас тэр. Өглөө цэлмэг тэнгэрийн доор хөдөлсөн ч үд гэхэд уулын цаанаас үүл нүүж, өчигдөр хуурай байсан сайр усаар дүүрсэн байж мэднэ. Газрын зураг дээр зурайх зам газар дээрээ хэдэн тийш салаалж, зорьсон газар ойрхон харагдавч хүрэхэд бодсоноос удаан болно.
Тэгээд нэг л мэдэхэд аялал таныг шалгаж эхэлдэг.
Өдий хүртэл сурсан мэдсэн, өөрийгөө чадна гэж бодож явсан бүхэн тань бодит нөхцөлтэй нүүр тулна. Зарим үед туршлага хэрэг болно. Заримд нь тэвчээр. Харин заримдаа өөрийнхөөрөө зүтгэхээ азнаж, нутгийн хүний хэдхэн үгийг сонсох ухаан хэрэгтэй болдог. Хэзээ хөдөлж, хэзээ хүлээх, юуг өөрчилж, юуг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөө шийднэ.
Тэр мөчид хажууд тань хэн яваа нь ч тодордог. Хэн тайван байж, хэн санаа гаргаж, хэн үг дуугүй ханцуй шамлан тусалж байгааг харна. Өөрийнхөө тухай ч багагүй зүйлийг мэдэж авна. Төсөөлснөөсөө тэвчээртэй байж. Эсвэл өчүүхэн зүйлд ямар амархан бухимддагаа анзаарч. Урьд нь заавал байх ёстой гэж боддог байсан зарим зүйлгүйгээр тун дажгүй байж болдгийг ойлгож.
Тэгснээ учраа олж, саадыг даваад гарна.
Хэдхэн мөчийн өмнө давж барамгүй санагдсан зүйл ард хоцорч, хэн нэгний хэлсэн үгэнд бүгд инээлдэнэ. Та ч саяхны өөрийгөө жаахан өрөвдөж, жаахан шоолж инээнэ. Тэр үед ямар их сүртэй бодож байснаа ярих тусам явдал улам хөгжилтэй болно. Орой нь хоолны ширээ тойроод дахиад ярьж, хэд хоногийн дараа ч дурсана.

Аяллаас буцсан хойно хамгийн түрүүнд ярих түүх тань тэр болсон байх нь бий.
Монголыг таньж мэдэх аяллын сэтгэл татах нэг чанар энд байдаг. Энэ нутагт та үзэсгэлэнт газруудын дундуур явахын зэрэгцээ өөрийнхөө зан чанар, хязгаар, бусдад итгэх итгэлтэйгээ учирдаг. Өдөр бүр бүхнийг урьдчилан мэдэх боломжгүй ч замд учрах зүйлсийг хамтдаа даван туулж болохыг биеэрээ мэдэрнэ.
Замын хэмнэлийг мэдрэх нь
Ийм нутагт сайн аялал зохион байгуулна гэдэг өөрчлөлтөд бэлтгэлтэй байхыг хэлнэ. Зам, улирал, хоноглох газар, хүмүүсийн хэрэгцээг нягт тооцоолж байж нөхцөл өөрчлөгдөхөд тайван шийдвэр гаргах боломжтой болдог.
Бид тогтсон хэв загварт баригдах дургүй. Бас хэт назгай, дэг журамгүй байдлыг эрх чөлөө гэж ойлгодоггүй. Цагтаа хөдлөх ёстой үедээ хөдөлнө. Бэлтгэлээ шалгана. Цаг агаар, замын нөхцөлөө харна. Хамт яваа хүмүүсийнхээ бие, сэтгэлийн байдлыг анзаарна. Хаана уян хатан байж болох, хаана эрсдэл гаргаж болохгүйгээ ялгана.
Харин байгаль өөрийгөө дэлгэх үед бид хурдаа сааруулдаг.

Үдийн хурц гэрэлд замаа ахиулж, уулын энгэрт оройн туяа хүрэхэд саатна. Өглөө эрт босож, бусад хүн унтаж байхад нуурын эрэгт очсон байж болно. Зарим өдөр удаан хүлээнэ. Зарим өдөр төлөвлөөгүй газарт түр зогссоноос аяллын хамгийн сайхан агшин эхэлнэ.
Байгальд зориулж цаг гаргахгүй бол түүний олон төрхийг өнгөрөөчихдөг. Машины цонхоор хараад өнгөрөхөд эгэлхэн санагдсан хөндийд бууж хэсэг зогсоход салхины чимээ, өвсний үнэр, алсын бараа аажмаар мэдрэгдэнэ. Нүд тань дасаж, бодол тань намжихын хэрээр анзаарах зүйл олширно.

Бид зорьж очсон газраа ингэж, бүх биеэрээ мэдрэхийг хүсдэг. Тэнд яаран ирээд, хэдэн зураг дараад, дараагийн нэр рүү хөдөлмөөргүй байдаг.
Бидний амлаж чадах зүйл
Бид тэнгэрийн өнгө, замын явдал бүрийг амлаж чадахгүй. Харин бэлтгэлдээ нухацтай хандаж, өөрчлөлтийн үед учиртай шийдвэр гаргаж, таны хэрэгцээг сонсож явахаа амлаж чадна.
Хүн бүр аяллаас ижил зүйл хүсдэггүйг бид мэднэ. Нэг нь олон жил төсөөлсөн зургаа авах гэж ирнэ. Нөгөө нь өдөр тутмын амьдралаасаа түр холдож, тайван амьсгалах орон зай хайна. Зарим нь шинэ хүмүүстэй уулзаж, өөр ахуйг ойлгохыг хүснэ. Өөр нэгэнд нь урьд өмнө хийж үзээгүй зүйлээ хийх зориг хэрэгтэй байж болно.
Тиймээс ая тух, сэтгэл хөдлөл, сайхан дурсамж гэдэг үгсийг бид хүн бүрийн хувьд өөр утгатай гэж үздэг. Хэн нэгэнд өглөөний халуун кофе чухал байхад нөгөөд нь нар мандахаас өмнө зураг авах цэгтээ очсон байх нь илүү чухал. Заримд нь ярилцах хүн, заримд нь хэсэг чимээгүй суух боломж хэрэгтэй.

Бид үүнийг асууж, сонсож, боломжийнхоо хэрээр тааруулна.
Байгалийн гэнэтийн өөрчлөлт, эрс араншинд бэлэн байхыг мөн эрхэмлэнэ. Адал явдалд дуртай байна гэдэг эрсдэлийг үл тооно гэсэн үг биш. Заримдаа цааш явах, заримдаа чигээ өөрчлөх, шаардлагатай үед буцах шийдвэр ч аяллын нэг хэсэг. Тэр шийдвэрийн цаана таны аюулгүй байдал, хамт олны хариуцлага байна.
Холоос хардаг байсан амьдралд ойртох нь
Таны хувьд Монгол олон жил газрын зураг дээрх алсхан нэр, хааяа үзсэн гэрэл зураг, тайлж амжаагүй асуулт байсан байж болно.
Бид тэр холын төсөөллийг таньд ойртуулахыг хүсдэг. Үүний тулд газар орныг мэдэхээс гадна хүмүүсийнх нь зан, ахуй, амьдралын хэмнэлийг ойлгох хэрэгтэй. Хэзээ зочилж болох, хэзээ ажлыг нь хүндэтгэн зай тавих, юуг асууж, ямар үед сонсож суухаа мэдрэх хэрэгтэй болдог.
таны аялал өөр хүний өдөр тутмын амьдралтай огтлолцоно. Тэнд ажил үргэлжилж, хоол бэлтгэгдэж, хүүхдүүд тоглож, хэн нэгэн малдаа явах гэж байна. Тэр амьдралд хүндэтгэлтэй ойртох тусам өнгөц хараад мэдэх боломжгүй зүйлс нээгддэг.

Энгийн нэг үйлдлийн цаадах учир, нутгийн хүний товчхон үгийн утга, цаг агаар шинжиж буй харц нь аажмаар ойлгогдоно. Урьд нь сонин содон харагдаж байсан зүйл өөрийн гэсэн шалтгаан, хэрэгцээ, утгатай болж эхэлнэ.
Бид таныг ийм ойлголтод ойртуулахыг зорьдог. Хүмүүс хоорондоо тухтай танилцаж, асууж, ярилцаж, харилцан суралцах боломжийг бүрдүүлэхийг хүсдэг.
Бүтээл хийхээр ирсэн хүнийг бид ойлгоно
Зураг, кино, өгүүлэмж бүтээхээр ирсэн хүнд заримдаа тайлбарлахад амаргүй хэрэгцээ байдаг.
Яагаад нэг газарт удаан зогсоод байгааг, яагаад авчихсан мэт харагдах зургаа дахин авахыг хүсээд байгааг хүн бүр ойлгохгүй. Гэрэл арай өөр болоосой гэж хүлээх, хүний яриа дундаас нэг өгүүлбэрт анхаарал татагдах, замаас харсан дүр зураг санаанаас гарахгүй буцаж очмоор болохыг бид мэднэ.


Тиймээс таны юу бүтээхийг хүсэж байгааг ярилцана. Зөвхөн очих газрын нэрээр хязгаарлахгүй, ямар мэдрэмж, ямар түүх эрэлхийлж байгааг тань ойлгохыг хичээнэ. Нөхцөл боломждоо тааруулан цаг, байрлал, уулзалт, замын дарааллыг бодолцож, хэрэгтэй үед тусалж, төвлөрөх үед тань орон зай үлдээнэ.
Заримдаа бүтээл төлөвлөсөн чигээрээ явна. Заримдаа замд уулзсан нэг хүн, сонссон нэг түүх анхны санааг бүхэлд нь өөрчилнө. Тийм өөрчлөлтийг анзаарч, дагах боломжийг бид үнэ цэнтэйд тооцдог.
Та эндээс юу олж мэдэх вэ?
Шинийг эрэлхийлэгч, адал явдал хайгч, мэдрэмжээ сэрээхийг хүссэн хэн ч байсан Монголд өөрийн гэсэн асуулттай ирж болно. Хариулт нь заавал сүртэй байх албагүй.
Удаан ярилцахын сайхныг дахин мэдэрч магадгүй. Бусдын тусламжийг төвөгшөөлгүй хүлээн авч сурч болно. Төлөвлөгөө өөрчлөгдөхөд бухимдахгүй байх, чимээгүй суухдаа уйдахгүй байх, хийж буй зүйлдээ бүх анхаарлаа өгөх мэдрэмжийг эргүүлэн олж ч мэднэ.
Хурд аван өөрчлөгдөж буй энэ ертөнцөд бид олон зүйлд амжих гэж явахдаа өөрт хамгийн хэрэгтэй байсан зарим зүйлээ хаа нэгтээ орхичихдог. Түүнийгээ алдсанаа ч анзаарахгүй удах нь бий.

Та магадгүй тэр эрхэм зүйлээ Монголын нэг өглөө, урт замын дараах яриа, танихгүй хүний чин сэтгэлийн тус дотроос олж мэднэ.
Бид таны өмнөөс ямар дурсамж хамгийн үнэтэй үлдэхийг таахгүй. Харин тэр дурсамж төрөхөд хэрэгтэй цаг, анхаарал, итгэлцлийг хамтдаа бий болгохыг хүснэ.
Замын эхэнд бид бие биеэ төдийлөн танихгүй. Харин буцах үед хамтдаа туулсан замтай, инээлдэж ярих явдалтай, үггүй ч ойлголцох болсон байж мэднэ.
Бидний ойлголцол, харилцаа, хүндлэл алсын замд ямар гайхамшиг бүтээхийг урьдчилан таашгүй.

Photography © Photolink Agency / Tuvshinbayar Dashdorj 
Photography © Photolink Agency / Tuvshinbayar Dashdorj 
Photography © Photolink Agency / Tuvshinbayar Dashdorj 
Photography © Photolink Agency / Tuvshinbayar Dashdorj 
Photography © Photolink Agency / Tuvshinbayar Dashdorj 
Photography © Photolink Agency / Tuvshinbayar Dashdorj


